”БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2019” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.03.22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хэлсэн үгэндээ “”Биотехнологи-бидний амьдралд” оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2011 оноос хойш манай сургуулийн Биотехнологийн салбар зохион байгуулж ирсэн. Өнөөдөр буюу 3-р сарын 22-ний өдөр Монгол хүн анх сансарт нисэж, дэлхий дээр өдөр шөнө хоёр тэнцэж, казак ард түмний Наурызийн баяр зэрэг олон баярт үйл явдлууд давхардсан сайхан өдөр энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа салбарын профессор багш, оролцож буй судлаач оюутнуудад амжилт хүсье” гэж цохон тэмдэглэв.

Хурлын явц (2019.03.22)

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС, МҮИС, Хүрээ дээд сургууль зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр оюутнуудын 30 гаруй илтгэл ирсэнээс 9 аман, 15 ханын илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Мэдээдэл, холбооны технологийн сургуулийн электроникийн салбарын багш Л.Батзориг “Био чип – биотехнологийн салбарт” сэдвээр оюутан залууст сонирхолтой илтгэл толилуулав.“Биотехнологи-бидний амьдралд-2019” оюутны эрдэм шинжилгээний хурлыг ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, доктор Ц.Энхтуул удирдан явуулсан болно.

Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.

  1. Я.Алтанцэцэг, доктор (PhD), ШУТИС, ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын профессор,
  2. Ө.Болортуяа, доктор (PhD), ШУА, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, ЭША,
  3. Б.Нарангэрэл, доктор (PhD), МХЕГазрын харъяа ХАБУЛЛабораторийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

 “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд: Тэс омгийн адууны STR маркерийн судалгаа” Б.Мөнхцэцэг ШУТИС, ҮТС, БШТСалбарын биотехнологийн IV ангийн оюутан, Удирдагч багш: доктор Д.Дөлгөөн, ШУТИС, ҮТС, БШТСалбар

Дэд байранд: “Кератиназа фермент нийлэгжүүлэгч бактерийн судалгаа” М.Пүрэвдулам ШУТИС, ҮТС, БШТСалбарын биотехнологийн IV ангийн оюутан, Удирдагч багшдоктор С.Дэлгэрмаа, ШУТИС, ҮТС, БШТС

Гутгаар байранд: Уул уурхайн бүс нутгийн нөхөн сэргээлтэнд бичил биетэнг ашиглах боломжийг судлах” Н.Марал, МУИС, Биологийн тэнхим Микробиологийн хөтөлбөр, Удирдагч багш: Д.Нарантуяа, МУИС, Биологийн Тэнхим

Тусгай байранд: Эмийн багваахай ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн хөдлөл зүй” Б.Бумжид, Б.Гансүлд ХААИС, МААБС-ийн БТХТ-ийн оюутанУдирдагч багш: С.Сарантуяа, ХААИС, МААБСалбар

Шагналт байр эзэлсэн оюутан

Хурлын шүүгчид

Үр дүн: Оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн материалуудаас үзэхэд молекул биологи, микробиологийн шинжилгээний аргуудыг хослуулан судалгаа шинжилгээг бие даан гүйцэтгэсэн нь сайшаалтай байна. Мөн судалгааны ажлуудын сэдэв, цар хүрээ өмнөх жилүүдтэй харьцуулбал нэмэгдсэн гэж шүүгчдийн зүгээс дүгнэлээ. Гэвч шүүгчдийн нэгдсэн дүгнэлтээр оюутнуудын гаргаж буй нийтлэг алдаа буюу дутагдал нь дүгнэлт боловсруулахдаа сул байна. Иймд цаашдаа бүх сургуулиуд судалгааны ажлын дүгнэлт боловсруулах тал дээр илүү анхаарах шаардлагатай байна.Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2019 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтлэж нийтийн хүртээл болгоно.

Хуралд оролцогсод (2019.03.22)

Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ҮТС-ийн дэргэдэх оюутны “IB”, “Арга билэг” клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.

 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР