Хүнсний үйлдвэрүүдийн дэргэдэх лабораторийн шинжээч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.
ganbii

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Биотехнологи шим тэжээлийн салбар болон “ХАНЛАБ” ХХК-ийн эрдэс судлалын лаборатори, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Хүнсний үйлдвэрүүдийн дэргэдэх лабораторийн шинжээч нарт зориулсан сургалтыг 2020 оны 1-р сарын 20-21-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын талаар СХЗГ-ын үнэлгээний мэргэжилтэн Д.Цацрал, Ургамал хамгаалал, хорио цээрийн шинжилгээний арга аргачлалын талаар УХЭШХ-ийн лабораторийн эрхлэгч доктор (PhD), дэд профессор Ч.Мягмар, хэмжлийн эргэлзээ тооцох арга аргачлалын талаар УСУГ-ын Усны төв лабораторийн судалгааны ажилтан, химич Б.Урнаа нар урилгаар оролцож лекц уншив. Түүнчлэн химийн уламжлалт, задлан шинжилгээний арга, аргачлал болон микробиологийн эмгэг төрүүлэгч, патоген бичил биетнийг таньж тодорхойлох, илрүүлэх шинжилгээний онол, практикийн талаар БТШТ салбарын профессор, доктор (PhD) Ц.Энхтуул, ахлах багш, доктор (PhD) Х.Мөнхзаяа, магистр Б.Нандин-Эрдэнэ нар сургалт явууллаа.   Сургалтанд оролцогсод “ХАНЛАБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн Эрдэс судлалын лаборатори, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, лабораторит дагаж мөрдөх баримт бичгийн хяналт, гүйцэтгэж буй судалгаа, шинжилгээний явцтай танилцаж туршлага солилцов.Сургалтанд “Өгөөж чихэр боов” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах Импекс” ХХК, “Түмэн шувуут” ХХК, “Од групп” ХХК, “Бэст кап” ХХК, “Стимо” ХХК, “ТЭСО” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, Улаанбаатар гурил, “Энсадо Истерн” ХХК, Тигри Трейдинг зэрэг хүнсний үйлдвэрүүдийн лабораторийн эрхлэгч, чанарын менежер, химич, микробиологич, сорилтын ажилтан болон Дорнод, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн МХГ-ийн шинжээч нийт 30 орчим хүн хамрагдав. Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод Сертификат олгов. Энэхүү сургалт нь сургууль үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, онол практикийн үйл ажиллагааг уялдуулах, мөн төгсөгчидтэй эргэх холбоотой хамтран ажиллахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс үзэж байна.

Нийт оролцогчид, сургагч багш нартаа цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

ҮТС, Биотехнологи, шим тэжээлийн салбар