Багш судлаачид, үйлдвэрлэгчидтэй хамтран судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцлээ.
ganbii

ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэлийн салбар “Багш нарын эрдэм шинжилгээний хурал”-ыг 03 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлын зорилго: Салбарын багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхижүүлэх, салбарын эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, өгүүллийг шалгаруулж ҮТС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний хуралд дэвшүүлэн хэлэлцүүлэх, багш судлаачдын судалгааны төсөл, гэрээт ажлын үр дүнг салбарын үйлдвэрлэгчидэд танилцуулахад оршсон.

Уг хуралдаанд салбарын үйлдвэрлэгчдийг төлөөлж  Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Эрдэнэбат, “Блю Скай Кашемир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Одгэрэл, “Могол ноос” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн дарга А.Ариунболд, “Монгол текстайл” ХХК-ийн ерөнхий захирал Р.Энхболд, технологич инженер Э.Батжаргал, “Капрадори” ХХК-ийн Ээрмэлийн үйлдвэрийн инженер О.Цолмон, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн захирал доктор Т.Төрмөнх нарын 10 гаруй төлөөлөл, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга дэд проф, доктор М.Пүрэвжав, ХҮТИС-ын эрхлэгч Д.Батбаяр, профессор Д.Энхтуяа, Л.Удвал, дэд профессор М.Баяр, Р.Мядагмаа, Б.Болормаа нарын тэргүүтэй 30 гаруй эрдэмтэн багш нар, 10 гаруй докторант, магистр оюутнууд ирж идэвхитэй оролцлоо.  

 

 

ХҮТИС-ын Багш нарын эрдэм шинжилгээний хурлаар нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи,  хувцас үйлдвэрлэлийн технологи, механик инженер,  хэвлэлийн үйлдвэрийн технологи, мод боловсруулах үйлдвэрийн технологи хөтөлбөрийн  15 багш, судлаачдын 11 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцсэн.  Эдгээрээс:

 1 дүгээр байранд  док Д.Батбаяр, дэд проф,  док М.Баяр нарын “Хагас ноосон даавууны механик шинж чанарын үзүүлэлтийг KES багажаар тодорхойлсон судалгаа” , 

2 дугаар байранд ХҮСХХ-ийн ЭША Ц.Ганболд, проф, доктор Sc.D Д.Энхтуяа нарын  “Ноолууран ширхэгтэд эмульс цацах технологийн судалгааны үр дүнгээс ”,

3 дугаар байранд Ж.Нарангэрэлийн “Угаасан ноосны чийглэгийг багасгах техник, технологийн үзүүлэлтийг оновчлох” илтгэлүүд тус тус шалгарч, ҮТС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж өрсөлдөхөөр боллоо.

Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Эрдэнэбат хурлыг хааж үг хэлэхдээ салбарын судлаач багш нарын судалгааны бүтээлүүдийг ихээхэн үнэлж, судалгааны ажлыг үйлдвэрлэгчдэд танилцуулах нь ус агаар мэт хэрэгтэй байсныг онцолж,  цаашдаа ҮТС-ийг өөрийн холбоотой хамтран ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд зориулан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахыг хүслээ.