БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Баруун Сөнэд хошуу, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хоорондоо гэрээ байгуулан 2015 оноос харилцан хамтран ажиллаж байгаа билээ. Энэ ажиллагааны хүрээнд 08 сарын 24-нөөс 08 сарын 28-ны хооронд 5 хоногийн хугацаатай Баруун Сөнэд хошууны төв Сайхан талд Монгол-Хятадын ноос, ноолуурын баяр болж өнгөрлөө.
Баярын үеэрх ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 30 гаруй ноос ноолуурын, үйлдвэр болон гутал арьсан эдлэл, дээл үндэсний хувцасны, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид уг үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцож, тав хоногийн турш борлуулалт хийлээ. Үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүд болох Улаанбаатар-Хивс ХК, Нэхээсгүй эдлэл ХХК, Могол ноос ХХК, Уужин ХХК, Гоёл кашемир ХХК, Говь-Эрдэнэ ХХК-ийн бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжийг хятадууд, өвөрмонголчууд өндөр үнэлж, борлуулалт сайтай байлаа.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн
Баруун сөнэд хошууныхан сүүлийн 4 жилийн Ноос, ноолуурын баярын үзэсгэлэнгийн арга хэмжээнд монголын хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийг урин оролцуулж, Хилийн боомт хот Эрээнээс бараа бүтээгдэхүүнээ татах, үзэсгэлэнгийн зай талбайн түрээсийг хөнгөлөх зэргээр дэмжин ажиллаж байна.
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны холбооныхон энэ удаагийн Сайхан талын Ноос, ноолуурын баяр, хамтын ажиллагаа хурал, семинарт их дээд сургуулийн сургуулийн төлөөлөл болох ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д. Батбаяр, ХААИС-ийн Мал аж ахуй, био технологийн сургуулийн Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн судлалын тэнхимийн эрхлэгч Б. Итгэл нарыг оролцуулсан.
БНХАУ-ын засгийн газраас сүүлийн жилүүдэд Баруун Сөнэд хошуунд малын гаралтай түүхий эдийг боловсруулах кластерийн тогтолцоог хөгжүүлэх, Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эрчимжүүлсэн байна. Учир нь 2015 онд Баруун Сөнэд хошууны удирдлагуудын “Энд аж үйлдвэрийн парк байгуулна” гэж байсан цулгуй газарт 60 үйлдвэр үйл ажиллагааг аль эрт эхлүүлсэн байна.
Баруун сөнэд хошуу, Сайхан талын Аж үйлдвэрийн паркын онцлог:
Аж үйлдвэрийн парк нь 3,5 мянган метр квадрат газар нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Гол үйл ажиллагааны чиглэл Сөнэд хониноос бэлтгэдэг ашиг шим (түүхий эд)-ийг үр ашигтайгаар боловсруулахад чиглэгдсэн. Нийт 60 гаруй үйлдвэрүүд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаар уялдан паркын бүтцэд хамрагддаг. Үүнд: 33 ноос ноолуурын, 12 махны, 3 мал нядалгааны үйлдвэр, 2 хорголын бордоо биотехнологийн, 1 сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж (нарны зайн)-ийн, 9 хүнсний (чихрийн, архины, сүүний) үйлдвэрүүд багтаж байна.
Хятадын засгийн газраас Сайхан талын Аж үйлдвэрийн паркын төлөвлөлтийн ажлыг орон нутгийн удирдлагаар дамжуулан, газар дэд бүтцийн асуудлыг үнэ төлбөргүйгээр бүрэн шийдвэрлэж үйлдвэрлэгчдийг дэмжсэн байна.
ШУТ-ын паркын үзэсгэлэнгийн өрөө
ШУТ-ын паркын үзэсгэлэнгийн өрөө
Баруун Сөнэд хошуу нь 70 гаруй мянган хүн амтай, манай улсын засаг захиргааны статусаар сумтай дүйцнэ. Гэвч хөгжлийн хувьд хошууны төв нь Монгол улсын аймгуудийн төвөөс илүү дэд бүтэц, барилга орон сууц, зочид буудал, ресторан үйлчилгээ хөгжсөн.
Малчид нь Сөнэд үүлдрийн хонь, тэмээг өсгөн үржүүлж, ашиг шимийг хүртэж ирсэн. Нутгийн удирдлага, ард иргэд Сөнэд үүлдрийн тэмээ, хониороо ихэд бахархаж, тэдгээрээс гарч буй малын гаралтай түүхий эдийг боловсруулж брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл зорилгоос анх Аж үйлдвэр паркын үндэс тавигдсан. Хөдөө орон нутагтаа Монгол ахуйгаа гээгдүүлээгүй хэсэг байгаа, адууны айраг хүртэл исгэж байгаагаас харагдсан. Сөнэд үүлдрийн хонины махны амт чанар бүх хятад даяар алдартай төдийгүй бэлчээрийн Монгол хонины махтай ойролцоо санагдсан.
ШУТИС-ийн ҮТС болон Баруун сөнэд хошуу, Сайхан талын Аж үйлдвэртэй хамтран ажиллах боломж.
МНБҮХ, их сургуулийн багш нар Баруун сөнэд хошууны дарга Бүрэнжин, Сайхан талын Аж үйлдвэрийн паркын удирдлагуудтай уулзахад, нөгөө талаас ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэл, Хүнсний инженерчлэл, Биотехнологи, шим тэжээлийн салбаруудын оюутнуудыг суралцаж буй хөтөлбөрийн дагуу Сайхан талын Аж үйлдвэрийн паркын харъяа үйлдвэрүүдэд дадлагажуулах, багш нарыг туршлага судлуулах, туршилт судалгаа хийлгэх саналтай байна. Ингэснээр багш, оюутнууд, үйлдвэрлэгчдэд ойр газар, зардал багатайгаар гадаадын туршлагыг судлах боломж бүрдэнэ.
Уг үзэсгэлэн, семинарын үйл ажиллагаанд Бүх хятадын ноосны нийгэмлэгийн тэргүүн, хадагтай Фен, орлогч даргынхаа хамт ирж оролцож байгаа, тэдгээрийн илтгэлд дурьдснаар Хятад улсын ноосны үйлдвэрлэлд түүхий эдийн хэрэгцээ (3 сая тонн) дэлхийн нөөцөөс давсан тоон үзүүлэлттэйгээр шаардлагатай байгаа зэргээс харахад ойрын 10 жилдээ манай улсын ноосон түүхий эдийн үнэ ханш, ноос, ноолуурын үйлдвэрлэл тогтвортой ажиллагаа байхаар байна.
МНБҮХ, их сургуулийн багш нар Баруун сөнэд хошууны хэлэлцээр
Сайхан талын Аж үйлдвэр парк