“Халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд шим тэжээлийн боловсрол олгох төсөл”-ийг амжилттай хүлээлгэн өглөө
ganbii

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Шим тэжээл судлалын төв (ШТСТ) болон БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, “WITH” ТББ-ууд хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу “Халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд шим тэжээлийн боловсрол олгох” төслийг 2013-2016 оны хооронд

  1. Эмнэлгийн хоолны загвар гал тогоо
  2. Хоол, түгээлтийн системийн шинэчлэлт
  3. Хоол, шим тэжээлийн зөвлөх үйлчилгээ гэсэн 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2016 оны 10-р сарын 17-ны өдөр Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын ЭАБИ, ЭМ асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг, НЭМГ-ын  НЭМА-ны дарга С.Дулмаа, БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төслийн мэргэжилтэн Hwang Soonjae, “WITH’’ ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Lee Il Yung, Төлөвлөлт судалгааны багийн дарга Suh Youn Kyoung, Үйл ажиллагаа хариуцсан багийн дарга Kim Yun Hee, Монгол дахь төлөөлөгч Park Kyung Hee болон бусад дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Төслийн хүрээнд БНСУ-ын “WITH” ТББ болон КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 345 сая төгрөгийн тоног төхөөрөмж болон туслах хэрэгслүүдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт буцалтгүй тусламж болгон хандивласан болно.

Төслийн үйл ажиллагааг Шим тэжээл судлалын төвөөс удирдан зохион байгуулж,  эмнэлгийн хоолны жишиг гал тогоо байгуулах, өвчтөний өвчний явц, хүндрэлд тохируулан эмчилгээний хоолыг төлөвлөн, хүн бүрд үйлчлэх системийг нэвтрүүлэх, Зүрх судасны өвчний эмчилгээний багийг эмч, хоолзүйч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй явуулах үйл ажиллагааг өргөжүүлэх, эмнэлгийн дэргэд шим тэжээлийн зөвлөгөө өгөх кабинет байгуулж эмнэлгийн эмч, сувилагч болон хоолны газрын ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдэд шим тэжээлийн боловсрол олгох зэрэг олон ажлыг гүйцэтгэсэн болно.

 

Төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд 428000 хүнд (давхардсан тоогоор) өглөө, өдөр, оройн хоолоор үйлчилж, бүлгийн сургалтыг 89 удаа 1800 хүнд, ганцаарчилсан сургалт зөвлөгөөг 800 гаруй хүнд, гадуур сургалтаар 370 хүнд өгсөн байна. Эмчилгээний хоол үйлдвэрлэлд 10 төрлийн үндсэн хоол, 8 төрлийн шөл, 8 төрлийн салат зууш, 5 төрлийн ундаа шүүс, 12 төрлийн талх, нарийн боов, 11 төрлийн хүүхдийн  хоолыг шинээр нэвтрүүлсэн бөгөөд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд зориулан “Бидний ажил-Бидний сэтгэл” үзэсгэлэн гарган хийж бүтээснээ олон нийтэд сурталчилан таниуллаа.

Хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцсон Нийслэлийн Засаг Даргын Орлогч Ш.Анхмаа “Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн хоолны гал тогооны үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулахад ХУДНЭ-ийн дэргэдэх гал тогоо нь бодит обьект, сургалтын түшиц бааз болохыг онцолж, цаашид бусад эмнэлэгт төслийн үйл ажиллагааг нэвтрүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдэв. КОЙКА болон “WITH” ТББ-ын зүгээс төслийн үйл ажиллагаа Монгол улсад тасралтгүй хэрэгжихэд анхаарал хандуулж, хяналт мониторинг тавьж, цаашид бусад асуудлаар хамтран ажиллах болно гэдгээ хэлэв.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Монгол-Солонгосын хамтарсан Шим Тэжээл Судлалын Төв

LATEST NEWS

news


MORE NEWS