ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Ой модны сургалт судлагааны хүрээлэнтэй хамтран “ДОНСАТИ САНААЧИЛГА-II” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 09 дүгээр сарын 06 өдөр “Оновчтой ашиглалтаар ойн нөөцөө арвижуулах, технологи, инновац” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын зорилго Шинэ сэргэлтийн бодлогын аж үйлдвэржилтийн хүрээнд үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх, ой модны салбарын өнөөгийн болон цаашдын ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэх, “Тэрбум мод” тарих ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн шинэлэг санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн.
“ДОНСАТИ САНААЧИЛГА-II” эрдэм шинжилгээний хурлын энэ удаагийн арга хэмжээг Ой, модны аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсний 100 жил, ШУТИС-ийн ҮТС-ийн ахмад профессор, гавьяат багш Намсрайн Долгорхүүгийн 80 насны ойг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог байлаа. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ын хүрээлэн, МУИС, ХААИС-ийн багш, судлаачид, Япон улсын Уцуномияагийн их сургуулиас МJEED төслийн хүрээнд 3 судлаач, 1 доктор, ахисан түвшний 3 оюутан, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн докторант, Чех улсын докторантууд оролцож илтгэл хэлэдцүүллээ. Илтгэлүүдээр ШУТИС-ийн ЭШ-ний тусгай дугаар хэвлүүлэн гаргасан. Илтгэл хэлэлцүүлсэн судалгааны чиглэлүүд:
1. Ойн аж ахуйн техник технологи, инновац:
- Ой үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ой хамгаалал
- Ойн нөөц тогтвортой ашиглалтын менежмент
- Ойн аж ахуйн арга хэмжээний технологийн шинэчлэл
2. Мод, модлог материалын үйлдвэрлэлийн техник технологи, инновац:
- Мод, модлог материал судлал
- Модон бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийн техник технологи
- Ойн иж бүрэн ашиглалтын техник технологи, инновац