ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын хөнгөн, хүнсний салбарт дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг их уурхай Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн эрдэмтэн багш, хамт олон, төгсөгч та бүхэнтэй мэндчилж байна.

1960-аад оноос аж үйлдвэрийн шинэ салбар үүсэн байгуулагдаж инженер техникийн мэргэжилтний хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсэний дүнд МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд Хөнгөн үйлдвэрийн механик инженерийг бэлтгэн эхэлснээр сургуулийн түүх эхлэлтэй. Улмаар 1971 онд МУИС-ийн Техникийн механикийн тэнхимд Хүнсний үйлдвэрийн механик, нийтийн хоолны технологи мэргэжлээр элсэлт авч эхэлсэн байна.   

      Өнгөрсөн хугацаанд хөнгөн, хүнсний салбарын инженер техник, технологи, Биотехнологи, Шим тэжээл судлал, Хүнсний инженерчлэл, Ойн модны үйлдвэрлэлийн техник, технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи, Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Оёдлын үйлдвэрлэлийн технологи, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, Менежмент /хамтарсан/, Механик инженер /хамтарсан/, Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи /хамтарсан/, Хүнсний сүлжээний хөргөлтийн систем, Дизайны  чиглэлээр бакалаврын түвшинд 8573, магистр, докторын түвшинд 679 гаруй мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд манай төгсөгчид хилийн чанад, монгол орны өнцөг булан бүрт үндэсний үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарт ачааны хүндийг үүрч төрөлх сургуулийнхаа  нэр хүндийг өндөрт өргөж явна.

         Манай улсын боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлийг манлайлагч, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх Ухаан Технолоийн Их Сургуулийн 10 бүрэлдэхүүн сургуулийн нэг Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль нь 5 салбар, эрдэм шинжилгээ, судалгааны 1 хүрээлэн, 4 төв, 100 гаруй багш, ажилтан, 22 мэргэжлээр 2164 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд 96 профессор, багш байгаагаас 54,2% нь эрдмийн зэрэг, цолтой бөгөөд шинжлэх ухааны доктор (Sc.D) 6, доктор (Ph.D) 46, профессор 7, дэд профессор 11 ажиллаж байна.

        Тус сургууль нь Монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд сургалтын олон хэлбэр, мэргэжлийг сонгох уян хатан системтэй, онол-практикийн сургалтыг чанартай зохион байгуулах, мэдээллийн технологиор хангагдах, сургалтын төлбөрийн зээл, төрийн сан, бусад тэтгэлгийн олон хэлбэрийг ашиглах, хөгжингүй орнуудын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах зэрэг өргөн боломж, давуу талтай юм.

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн хамт олноос Та бүхэнд ажлын их амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

MENU