КОВИД-19 ҮЕИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ОНЛАЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА
ganbii

Ковид-19 цар тахалтай улмаас нийгмийн амьдралд олон өөрчлөлтүүд гарч байгаа билээ. Хувь хүний эрүүл ахуйн хамгаалалт, хоорондын зай барих, тогтмол гар угааж, ариутгах, маск зүүх зэрэг нь халдвар тараахгүй байх, хамгаалах үндсэн арга болж байна. Нийтийн хоолны салбар тэр дундаа халдвар тарах өндөр эрсдэлтэй цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилд томоохон сорилт болж байна. ШУТИС-ийн ҮТС-ийн харъя Шим тэжээл судлалын төв БНСУ-ын WITH төрийн бус байгууллагатай хамтран өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас шууд суралцах онлайн сургалтыг 2021 оны 10 сарын 29, 30 өдөр зохион байгууллаа.Сургалтын эхний өдөр “Ковид19-ийн үеийн цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн менежмент” хичээлийг БНСУ-ын Сөүл Сонгсан бага сургуулийн хоол зүйч Чой Сүгхий багш БНСУ-д хадварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, менежментийн талаар танилцууллаа. ҮТС-ын захирал Ж.Туяацэцэг болон WITH ТББ-ийн захирал Гуаг Миран нар сургалтыг нээж үг хэллээ. Уг хичээлд Улаанбаатар болон орон нутгийн цэцэрлэг, сургуулийн нийт 140 гаруй хоол зүйч, тогооч бусад мэргэжилтнүүд хамрагдаж онлайн гэрчилгээ авсан байна.Сургалтын хоёр дахь өдөр “Ковид-19 үеийн эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн менежмент” хичээлийг БНСУ-ын Ажу Их сургуулийн эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн газрын дарга, хоолзүйч Лий Хэгён зочин багшаар уригдан заасан байна. Эмнэлэгт халдвар авсан болон аваагүй өвчтөний хоол үйлчилгээ, шим тэжээлээр хангах эмчилгээ болон бусад хэсгүүдэд авч буй арга хэмжээний талаар маш сонирхолтой хичээл явууллаа. Сургалтад нийт 50 гаруй эмнэлгийн хоол зүйч, тогооч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хамрагдаж онлайн гэрчилгээ авлаа.  Онлайн сургалтын давуу тал нь сургалтад оролцогчид багш нартайгаа шууд харилцан ярилцаж сонирхсон асуултаа асууж, өөрийн нүдээр очоод харсан мэт зураг болон бичлэгээр үзэж байгаа нь гадаадын улс оронд очих боломж хязгаарлагдмал мэргэжилтнүүдэд чухал ач холбогдолтой сургалт боллоо хэмээн дүгнэж байна. Бидэнд энэ төрлийн сургалт явуулах олон хүсэлтүүд ирсэн бөгөөд дараа дараагийн ажилдаа тусган ажиллах болно.

ШУТИС, ҮТС-ын харъяа ШТСТ

LATEST NEWS

news


MORE NEWS