Монгол-Японы хөрөнгө оруулалттай Шима Сейки сургалтын төв нээгдэв
ganbii

Японы Шима Сейки фирм Монгол Улсын үйлдвэрүүдтэй ажилласан туршлагаа үндэслэн “Shima Seiki тraining center” сургалтын Ази дахь төвийг ШУТИС-ийн Үйлдвэрийн технологийн сургуульд байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд Шима Сейки компанийн Ерөнхийлөгч Масахиро Шима, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Өнөөдөр манай улсын ноос, ноолуур боловсруулах салбарын 60 гаруй үйлдвэрт уг фирмийн 500 орчим сүлжмэлийн автомат машин ажиллаж байна. ШУТИС-ийн инженерийн боловсролын шинэчлэлд дэлхийд тэргүүлдэг фирмийн програм хангамж сүлжмэлийн автомат машин бүхий сургалтын төвийг байгуулж байна. Төвийн зорилго бол Шима Сейки фирмийн тоног төхөөрөмжийн технологийн боломжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах чадвар эзэмшсэн чадварлаг мэргэшиж дадлагажсан боловсон хүчин бэлтгэхэд оршино. Ингэснээр Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дизайн дэлхийн чиг хандлагад нийцэх болно. Сургалтын төв нь SIR-112 SV 12G, SSR -112 SV 12G  маркийн 2 сүлжих автомат 2 машинтай. Тус бүр нь 38 сая төгрөгийн үнэтэй SDS-ONE APEX3-3 маркийн 14 дизайн системтэй ажээ. Үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулан Шима Сейки фирмийн сүлжмэлийн автомат машины програмд суурилсан хичээл түлхүү оруулахаар сургалтын төлөвлөгөө баталжээ. Түүнчлэн үйлдвэрүүдийн захиалгат сургалтыг явуулах боломжтой аж. Нээлтийн ажиллагааны үеэр Шима Сейки компанийн Ерөнхийлөгч Масахиро Шимад ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналыг гардуулан өглөө.

 

LATEST NEWS

news


MORE NEWS