Архангай аймагт “Мэргэжил сонголт ба бидний ирээдүй” сургалтыг хамтран зохион байгууллаа
ganbii

Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, ХААИС-ийн Мал Аж Ахуй, Биотехнологийн Сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль хамтран “Мэргэжил сонголт ба бидний ирээдүй” сургалт семинар, уулзалтыг 02 сарын 16 аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.Архангай аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан “хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” бодлогын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдад мэргэжлээ сонгохдоо орон нутгийн хөгжлийн ирээдүйг харах, цаашдаа орон нутгийнхаа хөгжилд тэдний оруулах хувь нэмэр, үнэлэмжийг дээшлүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтний эрэлт хэрэгцээг таниулан, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслахад чиглэгдсэн.Уг сургалт, семинарт Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц. Мөнхбат, тус газрын мэргэжилтнүүд, Архангай аймгийн төвийн 5, сумдын 15, нийтдээ 20 ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, төгсөх анги удирдсан багш нар, төгсөх ангийн сурагчид нийлсэн 240 хүн хамрагдлаа.

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш, оюутнууд Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд Хөнгөн үйлдвэрийн салбарын техник, технологийн дэвшил, ШУТИС болон Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, ШУТИС-ийн элсэлтийн журам, инженерийн боловсролд CDIO сургалтын арга зүйг хэрэгжүүлж буй үр дүнгийн танилцуулга сэдвүүдээр илтгэл тавьж сургууль, хөтөлбөр мэргэжлүүдээ сурталчилах ажлыг амжилттай зохион байгуулаад ирлээ. Сургалт семинарын хүрээнд дараахи сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлж, танилцуулсан. Үүнд:

  • “Хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, техник технологийн дэвшил”- ХҮТИС-ын эрхлэгч, доктор (ph.d) Д.Батбаяр;
  • “ШУТИС болон ҮТС-ийн сургалтын хөтөлбөрүүдийн танилцуулга, элсэлтийн дүрэм журам, оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар танилцуулга”- ХҮТИС-ийн ахлах багш Д. Пүрэвмагнай;
  • “Хувцас, нэхмэлийн автомат үйлдвэрлэлийн хөгжлийн ирээдүй- програм хангамжийн чиг хандлага”- ШУТИС-ийн Шима Сейки төвийн програмист багш Б. Далайцэрэн;
  • “Оюутны идэвхитэй сургалтын хэлбэр, оюутны клубын ажиллагааг бие даалтын ажилтай уялдуулдуулсан үр дүн”- Хөнгөн үйлдвэрийн машин ашиглалтын инженер гуравдугаар ангийн И. Элбэгзаяа;

Сургалт семинарын үеэр ХҮТИС-ийн эрхлэгч Д. Батбаяр, ахлах багш Д. Пүрэвмагнай, ХҮМАИ 3-р ангийн оюутан И. Элбэгжаргал

Сургалт семинарын үеэр ХҮТИС-ийн ахлах багш Д. Пүрэвмагнай 

Сургалт семинарын үеэр Шима Сейки төвийн програмист багш Б. Далайцэрэн

Мэдээллийг боловсруулж бэлтгэсэн Д. Батбаяр