ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын гавъяат багш Намсрайн Долгорхүүгийн нэрэмжит ЭШ-ний хурлыг зохион байгууллаа
ganbii

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбараас санаачилж Монголын Ойчид, Модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоотой хамтран Монгол улсад Ойн салбар үүсч хөгжсөний 95 жил, Шинжлэх ухаан технологийн их сургууль үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын гавъяат багш, ШУТИС-ийн Хүндэт профессор, Техникийн ухааны доктор, профессор Намсрайн Долгорхүүгийн нэрэмжит “Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл-хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурлыг болгон 2019 оны 9-р сарын 20-нд зохион явууллаа. Монгол улсын гавъяат багш Н.Долгорхүү нь ШУТИС-д багш, тэнхмийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор, зөвлөх профессорын албан тушаалд нийтдээ 46 ажилласан, манай алдар гавъяатай, анхдагч профессоруудын нэгэн билээ.

 

Тус хурлын үйл ажиллагаанд ШУТИС, МУИС, ХААИС, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн зэрэг байгуулагууд, ойн салбарын эрдэмтэн, судлаачид, мод боловсруулах үйлдвэрүүдийн инженер, техникийн ажилтнууд, “Ойн инженер”, “Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрийн төгсөгчид, оюутны төлөөлөл оролцож, эрдэмтэн, судлаачдын 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээс шалгарсан шилдэг 5  илтгэлийг хэлэлцэж, дараахи судлаачдын бүтээл шалгарч, шагналт байрыг эзэллээ.Үүнд:

  • Н.Долгорхүү гавъяат багшийн нэрэмжит гранпри шагнал- магистрант Б. Эрдэнэчулуун “Монголд хорголжин түлш үйлдвэрлэх техник, технологийг нутагшуулах боломжийн судалгаа
  • I байр- докторант А. Тунгалаг “Монголд ургасан шинэс модны шинж чанарт утаан хатаалгын үзүүлэх нөлөө, үнэлгээ”
  • II байр- дэд проф, доктор (Ph. D) Ч.Ганбаатар “Хөрзөнгөөр шахмал түлш хийх судалгааны үр дүнгээс”
  • III байр- БОАЖЯ, ОСХТөв С.Оюун”Эрдэнэ “Ойн нөхөрлөлийн өнөөгийн байдал ба  нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөө

Мөн энэхүү хурлын үеэр Монгол Улсын Гавъяат багш, профессор Н.Долгорхүүд ХБНГУ-ын Ойн аж ахуйн холбооны ерөнхийлөгч Георг Ширмберк, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирлууд, албаны дарга, Монголын Ойчид, Модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж,  баяр хүргэсний зэрэгцээ, ШУТИС-ийн захиргаанаас Ректорын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

 

Монгол Улсын Гавъяат багш, профессор Н.Долгорхүү хуралд оролцогсдод өөрийн ажил амьдралын түүхээс товчхон танилцуулж өөрийн судалгаа, шинжилгээний ажил хийж ирсэн сургамжаа хэлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол бүтээлүүд ном сурах бичиг, ШУТ сангийн төсөлт ажлын тайлангуудын үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлэв.

Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай