ШУТИС-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР, МАГИСТРЫН ЗАРИМ ХӨТӨЛБӨР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
ganbii
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалаврын хөтөлбөр, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Нэхмэлийн үйлдвэрлэлийн хими технологи” магистрын хөтөлбөрүүд нь Европын Сургалтын Чанарын Стандартын шаардлагуудыг хангаж олон улсад магадлан итгэмжлэгдлээ. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн олон улсад магадлан итгэмжлэгдсэн дээрх гурван хөтөлбөр хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн байна. Үүний зэрэгцээ “EUR-ACE” стандартаар магадлан итгэмжлэгдсэн учраас Англи, Герман зэрэг Европын холбооны 27 улсаас гадна Турк, Албани, Косова, Серби, Монтенегро зэрэг 11 улсын ижил төрлийн бүх их сургуулийн чанартай дүйцнэ гэж үнэлжээ. Шинжээчид Монголд ажиллаж хөтөлбөрүүдэд үнэлгээ хийсэн бөгөөд стандартыг шаардлага хангаж буй дүгнэлт цахимаар илгээснийг өнөөдөр салбарын сайд ШУТИС-ийн багш нарт гардуулж өглөө.
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр дараах давуу талтай. Үүнд:
• ШУТИС-ийн инженерийн дээд боловсролын сургалтын чанарыг “ASIIN”, “EUR-ACE” болон ENAEE-ийн стандартаар баталгаажуулж “long-life learning” чанарт хүргэсэн болно.
• ENAEE (European Network for the Accreditation of Engineering Education) -ийн сүлжээнд нэгдэн ажиллах гарцыг нээж байна.
• Суралцагч, төгсөгчид, хөтөлбөрийн багш нар нь дээр дурьдсан 38 улсын ижил төрлийн их сургуульд суралцсанаар дүйцэгдэж байгаа тул тухайн улс оронд мэргэжлийн дагуу ажиллах, ур чадвараа дээшлүүлэх, ахисан түвшинд дэвшин суралцах, судалгааны ажил хийх зэрэг боломж нээгдэж байна.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль ийнхүү өнөөдөр батламжаа хүлээн авлаа. Тэд энэ хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийнхөө диплом дээр тэмдэгт дарж өгөх юм.