Хоол зүйн хөгжил 30 жил ойн баяр боллоо
Nyamaa-Odser

ШУТИС болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай хамтын ажиллагааны 30 жил, Монгол улсад хоол зүй – тэжээхүй ухааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жил, ШУТИС-ийн харьяа Монгол-Солонгос улсын хамтарсан “Шим тэжээл судлалын төв” байгуулагдсаны 25 жилийн түүхэн ойн баярын хүрээнд “ХООЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 30 ЖИЛ” арга хэмжээ 6-р сарын 17-ны өдөр болж өндөрлөлөө. Ойн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд явагдсан ба ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, БНСУ-ын “WITH” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ян Илсон нар баярын үйл ажиллагааг нээж үг хэллээ. Урилгаар БШУЯ-ны суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, ХХААХҮЯ-ны худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, БЕГ-ийн дарга Т.Ням-Очир, НЭМҮТ-ийн ерөнхий захирал С.Өнөрсайхан, ШУТИС-ийн удирдлагууд бусад хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл болон хоол зүй – тэжээхүй ухаан мэргэжлийн үе үеийн багш нар, төгсөгчид, БНСУ-аас хүрэлцэн ирсэн 40 гаруй зочид нийлсэн 200 гаруй хүн оролцлоо.

Ёслолын арга хэмжээний үеэр ШУТИС-д тасралтгүй 22 жил ажилласан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн зөвлөх багш Ким Сонми-г Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор, “WITH” ТББ-ын захирал Ү Жисон-г “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, ТУЗ-ийн гишүүн Ий Ирён-г “БШУЯ-ны Жуух бичиг”-ээр, гүйцэтгэх захирал Гуаг Миран-г “Нийслэлийн боловсролын шилдэг ажилтан”, ТУЗ-ийн дарга Ян Илсон-г “ШУТИС-ийн Хүндэт өргөмжлөл”, ТУЗ-ийн гишүүн Ий Юүнсүг болон “WITH” ТББ-т “ШУТИС-аас талархал” тус тус гардууллаа.  БНСУ-ын “WITH” ТББ-ийн зүгээс 30 жилийн турш хамтран ажиллаж байгаа ШУТИС-д болон “WITH” ТББ-ийн зөвлөх МУ-ын хөдөлмөрийн баатар, академич, ШУ-ы доктор, профессор Ч.Авдай, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нарт “WITH” ТББ-ийн нэрэмжит хүндэт шагнал, ҮТС-ийн багш доктор М.Пүрэвжав, Ц.Зууннаст, Шим тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал нарт “WITH” талархал зэргийг гардууллаа.

Ойн баярын арга хэмжээний хоёрдугаар хэсэгт “Сургуулийн хоол зүйн хөгжил” болон “Эмнэлгийн хоол зүйн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдаж БНСУ-аас “WITH” ТББ-ын захирал Ү Жисон, Чусон их сургуулийн багш Пак Ёона, Doing Lab компанийн гүйцэтгэх захирал И Хёнь Сог, АЖҮ их сургуулийн багш Чой Сонь Жон нар сүүлийн үеийн дэвшилтэт технологи, өөрсдийн туршлагаас хуваалцсан бол Монгол талаас БЕГ-ын ХҮҮ-ний хэлтсийн дарга Б.Энхтайван, НЭМҮТ-ийн хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША Б.Түвшинбаяр, ТИБИ АПП-н үүсгэн байгуулагч С.Мөнхтуул, ХУДНЭ-ийн эмчилгээний хоолзүйч А.Намхайнямбуу нар тус тус илтгэлээ тавилаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд БНСУ-ын “WITH” ТББ Монгол улсын боловсрол, нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалт хийж, “Сургуулийн өдрийн хоол”-ны загвар гал тогоог нийслэл, аймаг, сумын түвшинд, “Эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох” сургалтын кабинетийг Сонгинохайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Төв, харьяа амбулатор болон өрхийн эмнэлгийн хүрээнд, Эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах жишиг гал тогоог Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн дэргэд, Оюутны Загвар хоолны газрыг ШУТИС-ийн хичээлийн төв байранд, Загвар цэцэрлэгийн гал тогоо, хоол шим тэжээлийн өрөөг СХД-ийн 117-р цэцэрлэгт тус тус байгуулан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээл менежментийн орчин үеийн системийг нэвтрүүлж, Монгол улсад хоолзүйч мэргэжилтнийг бэлтгэх ажилд идэвх зүтгэл гарган хамтран ажиллажээ. Өдгөө бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлж КОЙКА ОУБ-ийн хөрөнгө оруулалтаар БШУЯ-тай хамтран “МУ-ын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2022-2026 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба төслийн хүрээнд нийслэлийн 10 сургуулийг жишиг сургуулийн гал тогоо болгон шинэчлэхээс гадна ШУТИС-ийг түшиглэж сургуулийн хоол зүйч, тогооч нарыг бэлтгэх, сургах хөгжүүлэх “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийг байгуулахаар ажиллаж байна.