Мэргэжлийн дизайнерууд "Design Vitality"-2022 бүтээлч наадмаар хуран чууллаа
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбараас зохион байгуулдаг "Design Vitality"-2022 бүтээлч наадам нь “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 11 сарын 16-наас 18-ны өдрүүдэд 2 дахь жилдээ Talk, connect, create, inspire уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

“Design Vitality-2022” бүтээлч наадам нь үндэсний хэмжээнд дизайны өнөөгийн тулгамдсан асуудлуудын хүрээнд дизайны судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинэ залуу судлаачдыг дэмжих, төрийн бодлогын түвшинд судлаачдын судалгаа, санал санаачлагыг хүргэх, үйлдвэрлэгч, дизайнер, сургуулиудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, монгол дизайны экосистемийг бий болгох зорилготой.

Наадмын хүрээнд:

1. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал

2. “Монгол дизайн” дугуй ширээний ярилцлага

3. Олон улсын экспертүүдийн онлайн лекц

4. “Design Vitality"-2022 дизайнеруудын үзэсгэлэн

5. “Тэнхлэг” уран бүтээлч багш нарын үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.

            "Design Vitality"-2022 наадмын үйл ажиллагааны нээлтэнд Соёлын яамны Урлаг, Уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Б.Сэргэлэн болон ШУТИС-ийн удирдлагууд оролцлоо.

            Наадмын эхний өдрийн Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд улсын томоохон их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагууд, хүрээлэн төвүүд, байгууллагуудын 31 судлаач, дизайнерууд 24 сэдвээр дизайны онол арга зүй, Монгол дизайн, үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

11 сарын 17-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд 10 гаруй их дээд сургууль, хүрээлэн, төвүүдийн эрдэмтэн судлаачид мөн дизайны хөгжлийг дэмжигч 40 гаруй үйлдвэр, албан байгууллагуудын удирдлага болон дизайнерууд “Монголын дизайны боловсролын асуудал”, “Монголын дизайны тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа”, “Уламжлалыг орчин үеийн дизайнд хэрэглэх асуудалд” сэдвүүдээр дугуй ширээний ярилцлага өрнүүллээ.

Наадмын сүүлийн өдөр ШУТИС-ийн 8-р байрны Олон улсын хурлын танхимд Японы Ивата Их Сургуулийн Үйлдвэрлэлийн дизайн ба дизайн судлалын тэнхимийн профессор, доктор (Ph.D) Танака Такамицү “Нийгэм дэх дизайны үүрэг, дизайн судлалын жишээ ажлуудын танилцуулга” сэдвээр, Словений  Дээд боловсролын институтийн  менежментийн төвийн дизайны тэнхимийн профессор, доктор (Ph.D) Алеш Липник “Дизайн дахь менежерийн үүрэг” сэдвээр тус тус онлайн лекц танилцуулж багш оюутан, дизайнеруудын дунд сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

            "Design Vitality"-2022 дизайнеруудын үзэсгэлэнд интерьер, үйлдвэрлэл, график, хувцасны дизайны нийт 18 дизайнеруудын 60 орчим бүтээлийг ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын үзэсгэлэнгийн танхимд 3 өдрийн туршид танилцууллаа.

            "Тэнхлэг" уран бүтээлч багш нарын үзэсгэлэнд их дээд сургуулиудын 20 гаруй багш нарын усан болон тосон будаг, акрилик, пастель, уран оёдол, фото зураг, AI болон дижитал зураг, дизайны бусад чиглэлийн 67 бүтээлийг Норфей Арт Галлерейд 16-аас 20-ны өдрүүдэд дэлгэж олон нийтийн хүртээл болгоод байна.

Тус наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Соёлын яам, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захиргаа, Дизайны салбарын хамт олон, үе үеийн төгсөгчид, График дизайн хөтөлбөрийн “Whizz club”, Хувцас дизайн хөтөлбөрийн Inspiration, Хэвлэлийн график хөтөлбөрийн “D-art club”, Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрийн Finde club-ын оюутнууддаа талархал илэрхийлье.

Хамтран ажилласан ЭРХЭМ ДИЗАЙНЕРУУД, ЭРДЭМТЭН СУДЛААЧИД,  ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

"Design Vitality"-2023 наадмаар хэлэлцсэнээ хэрэгжүүлж бүтээлчээр уулзацгаая!

"Design Vitality"-2022 наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу.

https://www.facebook.com/profile.php?id=100086025951421