Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар

Түүхэн товчоо
Анх 1961 онд Монгол улсын их сургуулийн Инженерийн факультетад “Хөнгөн үйлдвэрийн механикч” инженер мэргэжлээр 32 оюутан элсэн орж суралцан, 1966 төгссөн нь одоогийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эх суурь болсон.Үүнээс хойш 1978 оноос МУИС-ийн харъяа Политехникийн дээд сургуулийн “Механик технологийн факультет”, 1982 оноос Политехникийн дээд сургууль МУИС-ийн харъяаллаас гарч биеэ дааснаар “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл факультет”, 1995 оноос Техникийн их сургуульд Хөнгөн үйлдвэрийн технологийн сургуулийн профессор багш, ажилтнууд сургалт судалгааны үйл ажиллагааг эрхэлж, Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлтгэн ирсэн түүхтэй. 1998-2014 онуудад ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны Сургуулийн бүрэлдэхүүнд Хөнгөн үйлдвэрийн технологи, Нэхмэл судлалын салбар, Хувцас судлалын салбар, Арьс шир судлалын салбар, Ой модны технологийн салбарууд сургалтын ажиллагаа эрхэлж дотооддоо мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх ажил эрчимжиж, багшлах боловсон хүчин, салбарын эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж ирсэн.2014-2018 онуудад ШУТИС нь бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, Үйлдвэрлэлийн Технологи, Сургуулийг шинээр байгуулж, түүний бүрэлдэхүүн дэх Текстил судлалын салбар нь хөнгөн, нэхмэл, оёдол, арьс ширний үйлдвэрийн салбаруудын, Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар нь ойн инженер, мод боловсруулах үйлдвэрийн технологи мэргэжлийн дээд боловсролтой инженер мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан. Мөн ҮТС-ийн Дизайн салбарт хөнгөн үйлдвэрийн нэг салбар болох хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр харъяалагдаж байсан.

Салбарын сургалтын хөтөлбөр, хүний нөөц, материаллаг бааз

ШУТИС-ийн Ректорын 2018 оны 01 сарын 29-ны Б/37 тоот тушаалаар ҮТС-ийн “Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэл”-ийн салбар /цаашид ХҮТИС/ шинээр байгуулагдсан. ХҮТИС нь нэхмэл, арьс шир, хувцас, мод боловсруулах, хэвлэл, механикийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрхэлж байна.Тус салбар нь салбарын эрхлэгч, зөвлөх профессор, хоёр профессор, дөрвөн дэд профессор, арван хоёр ахлах багш, дөрвөн багш, дөрвөн сургалтын мастер, салбарын эрхлэгчийн туслах гэсэн нийт 29 хүний үндсэн бүрэлдэхүүнтэйгээр 340 гаруй бакалавр, 30 гаруй магистр, 20 гаруй доктор оюутнуудад доорхи нэр бүхий сургалтын 8 хөтөлбөрөөр сургалт, судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

-Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи,

-Механик инженер- Хөнгөн үйлдвэрийн машин ашиглалт

-Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт

-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи

-Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

-Ойн инженер

-Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи

-Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи


Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах аргазүй, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны арвин туршлагатай багш нараас бүрдэх манай хамт олны дотор Монгол улсын гавъяат багш 1, шинжлэх ухааны доктор(Sc.D) зэрэгтэй 2, боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй 11, магистр зэрэгтэй 11 багш ажиллаж байна.ХҮТИС нь ШУТИС-ийн хичээлийн 4, 10, 11 дүгээр байруудад сургалт, судалгааны ажил явуулдаг. ХҮТИС-ийн бүрэлдэхүүнд байгаа Хувцас судлалын төв, “Шима сейки“ сүлжмэлийн сургалтын төв, үйлдвэрлэлийн төв, Тарьц суулгац ургуулах, ойн бүртгэл, тооллого явуулах Нарийн гацууртын туршилт судлагааны хээрийн полигон зэрэг судалгааны байгууллагуудыг салбарын профессор, багш нар удирдан ажилладаг.ШУТИС-ийн хичээлийн 10, 11 дүгээр байранд байрлах ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ноос, ноолуур, модны чиглэлээр сургалт- судалгаа-туршилт үйлдвэрлэлийг эрхлэн, шинэ дэвшилтэт инновацийн бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлдэг.ХҮТИС нь нэхмэлийн үйлдвэрлэлийн 5, мод боловсруулах үйлдвэрлэлийн 2, оёдлын технологи-загвар зохион бүтээлт 2, механикийн 1, арьс шир боловсруулах 1 дадлагын цехүүд, хувцас материал, ноос ноолуур, модлог судлал, химийн чиглэлийн 5 лаборатори үйлдвэрлэлийн материаллаг баазыг түшиглэн дадлагын болон туршилт, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх ур чадварыг оюутнуудад олгож байна.

Гадаад хамтын ажиллагаа:
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инжнерчлэлийн салбар нь оюутнуудаа магистр, докторын ахисан түвшингийн сургалтанд хамруулах, хамтарсан судалгааны ажил хэрэгжүүлэх чиглэлээр дараахи гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

-Япон улсын Киотогийн Технологийн Их Сургууль

-Япон улсын Шиншүүгийн Их Сургууль

-Япон улсын Үцүномиягийн их сургууль, Ойн бүтээгдэхүүн ба модлог судлалын лаборатори

-Япон улсын Токиогийн ХАА-н технологийн их сургууль

-Францын Дээд Алзасын Их сургууль

-БНСУ, Инчоны Их Сургууль

-БНСУ, i-fashion center, Конкук Их Сургууль

-Аахены Ноос судлалын институт (DWI)

-ХБНГУ-ын Штутгардын Их Сургууль

-ХБНГУ-ын Дрездений Их сургууль

-ХБНГУ-ын Фрайбургийн Их сургуулийн Ойн факультет

-Дорнод Сибирийн Технологи Удирдлагын Их Сургууль

-Москвагийн Нэхмэлийн их сургууль

-Ивановын Нэхмэлийн улсын академи

-Тайваны Tainan University Technology